Хатуу эхлэл, зөөлөн төгсгөл
2020 он эхлээд аль хэдийнээ 3 дугаар сар болчихлоо, хувь хүний хувьд ч гэлтгүй ер нь дэлхий даяар цаанаасаа л нэг ширүүн сөрөг хурц жил болж эхэлсэн нь ганц надад мэдрэгдсэн зүйл биш байлтай . Хүмүүн бид байглаасаа итгэл найдвар дүүрэн, энгийн сайхан зүйлсийг хүсэж амьдардаг. Гэвч юм бүхэн бидний хүссэнээр болдоггүй, хүссэн шиг тань байх ч албагүй. Tэрийгээ бид мэдэж байгаа ч гэсэн хүссэнээр болохгүй үед амьдрал оронгоороо эргэж байгаа мэт хорвоо дэлхийн хамгийн азгүй амьтан юм шиг өөрийгөө голж суух нь та бидний бүгдэнд байж болох шинж чанар юм.
Би боддог, яагаад бид өөрсдөндөө сэтгэл хангалуун амьдрах тийм хэцүү байдаг юм бэ? гэж. Хэнтэй өөрийгөө харьцуулаад байдаг юм бол? Сайн талаараа юу? Эсвэл өөрийгөө идэн байж хэзээ ч бүтэхгүй зүйлсийн араас хөөж гунигладаг уу? Жаргал зовлон ээлжилж ирдэг гэдэгт та итгэдэг үү? Яагаад зарим өдрүүд танд хатуурхаж болохгүй гэж? Яагаад заавал өдөр бүр аз жаргалтай, амжилт бүтээл дүүрэн, 100 % сэтгэл хангалуун өнгөрөх ёстой юм бэ? Зүгээр л яагаад?
Мэдээж бид сайхан амьдралын төлөө хичээх хэрэгтэй, мэдээж бид үргэлж САЙН хүн байх гэж эрмэлзэх ёстой. Мэдээж бид сайн сайхан амьдарч, олон зүйлс сурч мэдэрч, урт удаан эрүүл энх амьдрах бүрэн ЭРХТЭЙ. Бид жаргалтай амьдрах хэрэгтэй. Гэвч хааяа миний нүдэнд та биднээс зүгээр л хязгааргүй их шунал харагдах юм.
Өөрт байгаа сайхан зүйлсээ анзаарахгүй байгаа тань шунал.
Бусдын төлөө баярлаж сайн сайхныг хүсэж чадахгүй байгаа тань ч шунал.
Өөрт байгаа бүх хүчээ гаргаж чадахгүй тэрэндээ бухимдаж бусдыг ад үзэж байгаа тань ч шунал.
Өөрийнхөө ямар гайхалтай онцгой нэгэн гэдгийг харахгүй үргэлж өөрийгөө голж сэтгэл хангалуун амьдархаас татгалзаж байгаа тань ч шунал.
Бүгд Шунал Шунал Шунал.
Хэцүү бүхнийг давж ирсэн зүрхээ өмөөрөөд xүчтэй байсаар байгаад залхаж байгаа мэт санагдаж байгаа бол энэ ч бас цагаахан шунал байж магадгүй гээд өөртөө нэг хэлээд үзээрэй. Харин аль хэдийнээ шунаад байгаагаа мэддэг мөртлөө түүнтэйгээ эерэгээр тэмцэж байгаа таньд баяр хүргэе!
Юу гэх гээд байна вэ гэвэл 2020 оны эхлэл яг л биднийг битгий ДАВРААД бай “ШУНАЖ биш ХАНАЖ амьдар” гэж дээрээс загнаж орж ирсэн дохио шиг мэдрэмж төрүүлэв. Хараад байхад хүмүүн бид дэндүү гэнэн, харамч бөгөөд шуналтай ажээ. Гэхдээ сайн нь муугаасаа их, дотоод сэтгэлийн хүч чадал ямар агуу зүйл байж болдог бол, ирээдүйд маш сайхан зүйлс биднийг хүлээж байгаа, бидний амьдралын хамгийн сайхан өдрүүд хараахан болоогүй байгаа гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл зүрх догдлон үргэлж нэг гайхамшигтай зүйлийг хүлээгээстэй.
Энэ бүх муу мэдээнүүд юуны дохио юм бол? Би бодохноо...
Эх дэлхийгээ хайрлахгүй байна, эзэн биеэ хайрлахгүй байна, хэн байх чинь хамаагүй хэзээ ч халихгүй байх гэж бодсон домог хүн чинь ч хорвоог хэзээд орхиж болдог юм байна. Бидний амьдрал нэг мэдэхэд л дуусаж магад эсвэл бодож байснаас ч илүү үргэлжилж магад. Цаг хугацааны үнэ цэнийг арайл дутуу үнэлээд байх шиг. Өдөр бүрийг хайр түгээж атаа жөтөө, хорсол үзэн ядалт, харамсах зүйлгүй өнгөрөөх ёстой юм байна. Ариун цэвэр, өөрийгөө хайрлах чадвар, арчаатай байдал цаг ямагт чухал юм байна. Эрүүл мэнд эрхэм баялаг юм байна гэдгийг ганц хором л сонсоод мэдрээд өнгөрөх биш насан туршдаа мартахгүй санаж явцгаах ёстой гэдгийг ойлгоцгооё.
Хааяа бидэнд хатуу эхлэл хэрэгтэй байж. Хааяа бидэнд хөнгөхөн эсвэл хүнд зовлон зайлшгүй шаардлагатай юм байна. Тэгэхгүй бол хүмүүс давраад байдаг юм байна. Ямар сайхан амьдраад байгаагаа мартаад байдаг юм шиг байна. Хааяа бидэнд хатуу мэдрэмжүүд хэрэгтэй юм байна, дараа нь зөөлөнг нь мэдрэхийн тулд.
Үүний эцэст юуг санаж явах вэ гэж үү? Юу ч болсон хүн байя, итгэл найдвар дүүрэн байя, сонор сэрэмжтэй ба цоглог цовоо байя. Өдөр бүрийг нандигнаж явъя та бид бүгд адил хүн шүү. Анхны бөгөөд эцсийн удаагаа амьдарч байгаа болохоор алдаа оноо байлгүй л яахав хэцүү өдрүүд заавал байх ёстой гэдгийг санаад инээгээд л даваад гар сайхныг нь дараа нь мэдэр. Тэгээд давтаад үргэлжлүүлээд л бай. Гагцхүү xайр хүндлэл хоёрыг дунд нь гээхгүй явцгаая.
Хүндэтгэсэн Т. Энхнаран
Comments
Post a Comment