Академик Англи хэлээ хэрхэн сайжруулах вэ?
How to improve your academic English skills?
Сайн байцгаануу Монголчуудаа Эми нь байна өө кэкэ. Англи хэл дээр блог бичиж эхлээд яг 2 сар болжээ. Oлон сайхан сэтгэгдэл, санаа бодол, эерэг хандлага хүлээж авсандаа туйлын их баяртай байна. Шинэ дэвтэр үзэг аваад бодож санасан юмаа бичээд түүнийгээ эргэцүүлж, тархи сэтгэлээ цэгцлэх шиг кайфтай мэдрэмж ховор байх. Xүнтэй санасан бодсоноо хуваалцаж хүмүүсийн бичсэн нийтлэл, мэдээлэл уншиж урам авдаг болоод ч тэр үү, эсвэл зүгээр л яруу найрагч хүний охин болоод ч тэр үү, бодсон зүйлсээ тэмдэглэл болгон хөтөлж аль болох хэрэгтэй нийтлэл боловсруулж түүнийгээ зөвхөн өөртөө хадгалах биш бусадтай хуваалцаж бусдаас урам зориг авах нь надад сайхан мэдрэмж өгдөг юм байна лээ. Яагаад зөвхөн Англи хэл дээр бичиж эхэлсэн бэ гэсэн шалтгаан маань тун энгийн. Зүгээр л сүүлийн 5н жил дандаа Англи хэл дээр бүx хичээл ажлаа хийсээр байгаад тэр нь надад хамаагүй амар санагдсан болоод тэр. Монгол хүн байж зөв бичгийн дүрэм маань ч төгс биш болохоор, алдаа гаргахвий гэдгээсээ санаа зовоод бултчихсан гэж хэлж болно хэхэ. Гэвч, энэ удаагийн нийтлэлээ монгол хэл дээр бичихээс өөр аргагүй болсон бөгөөд олон хүний урам дэмжлэгээс хамааралтайгаар үүсэж байгаа билээ. Одооноос ч гэсэн хэрэгтэй гэж бодсон мэдээллээ англи болон монгол хэлээр хүргэхийг хичээх болно.
Би 10 хэдэн жилийн өмнө Америкийн Нэгдсэн Улсруу гэр бүлээрээ сурч ажиллахаар явж байсан юм. Тухайн үедээ өөрийгөө ч танилцуулж чаддаггүй монгол хэлээрээ ч олигтой ярьж чаддаггүй дунд ангийн дэггүй бор охин байлаа. Эрх чөлөөний орон гэгдэх Америкт очоод шууд л "чацга царайлж" Монголруугаа буцмаар санагдаж эхэлсэн юм даа. Гэхдээ орчиндоо хурдан дассаан. Хүүхэд байсан болохоор үе тэнгийнхэнтэйгээ хурдан танилцаж, мэр сэр ярьж эхлэв. Жаахан байхын л чалчаа зан минь нөлөөлсөн байх аа. Орчиндоо дасан зохицож, англи хэлээр харилцахаас аргагүй нөхцөлд амьдран өдөр өдрөөр өөртөө урамшсаар нэг л мэдэхэд овоо ярьдаг болсон байлаа. Сүүлрүүгээ ганц ярианы хэл биш англиар сонсох, унших, бичих дадлаа хөгжүүлэхийг зорьж одоо л Америк хүүхдүүдтэй ижилхэн сэтгэж, ярьж чаддаг боллоо доо гэтэл нутаг буцах болсон байв. Манай гэр бүл Америкт очсон зорилгоо биелүүлээд буцсан ч миний хувьд англи хэлээ мартахгүйн тулд илүү хичээх шаардлага тулгарсан даа. Нэгэнт л сурсан бол хэзээч мартана гэж байхгүй гэдэг худлаа байсан юм байна лээ.
Япон хэл ч бай Англи хэл ч бай ямар ч хэл байнга давтаж байхгүй бол мэддэг чаддаг байсан юм чинь бага багаар мартагдаж алга болох аюул байдаг. Ямар ч зүйлийг сайн хийж сурахын тулд байнга давтаж толгойндоо сэргээж байх ёстой гэдгийг Монголдоо хүрч ирээд ойлгосон. Би хичээлээ англи хэлээр үздэг их сургуульд ормоор байлаа. Тиймээс цаашлаад академик англи хэлээ сайжруулах шаардлагатай болсон юм. Хэрэглээний англи хэл, академик англи хэл хоёр асар их ялгаатайг анх TOEFL шалгалтыг өгч үзээд л ойлгосон. Хэрэв англиар бодож сэтгэе гэвэл цаашид цуцалтгүй суралцах хэрэгтэй болно. Харин би та бүхэнд англи хэлнийхээ түвшинг хэрхэн сайжруулж болох тухай өөрийн ойлголтоор бяцхан зөвлөмж өгье гэж бодлоо. Ямар ч хэлийг сайн сурахын тулд Ярих, Сонсох, Унших, Бичих, гэсэн 4н чадвараа зэрэг хөгжүүлэх хэрэгтэй байдаг. TOEFL-н шалгалтанд ч эдгээр 4н чадварыг голчилж шалгадаг болохоор энэхүү нийтлэлээ ч гэсэн энэ 4н чадварт хувааж бичъе.
Ярих чадвар
Ярих чадварыг угаасаа ярьж л сайжруулхаас өөр аргагүй. Ярианы чадварт маш чухал нөлөө үзүүлдэг 3 зүйл нь сонсох чадвар, үгийн сан, мөн бага зэрэг зориг юм.
Хэрвээ харилцаж байгаа хүнээ зөв чөлөөтэй сонсож чадахгүй бол харилцан яриа үүсэж чадахгүй. Өдөр бүр ямар ч хамаагүй англи хэлний сонсголын дасгал хийж хэвших нь зөв. Өөрийн түвшинд тохирсон кино, бичлэг, подкастийг өнөө үеийн техник технологи хөгжсөн сайхан цаг үед xаанаас л бол хаанаас шууд олж болно. Өдөр бүр сонсох дасгал хийж хэвшвэл аяндаа чих чинь "онгойж" сонссон зүйлийнхээ утга санааг ойлгодог болоод ирнэ. Тиймээс ярих чадвараа хөгжүүлэхийн тулд сонсголоо сайжруулах нь маш чухал байдаг учир түүнийг давхар хөгжүүлэх ёстойг мартаж болохгүй.
Төгс зөв дүрмээр биш байлаа ч гэсэн хэлмээр байгаа санаагаа илэрхийлэхэд чухал үгс ашиглаж хэлвэл дүрэм нь зөв биш ч гэсэн харилцан яригч нь ерөнхий санааг чинь ойлгох болно. Энэ нь яг ч санал болгоод байх арга биш ч гэсэн ярианы чадварт их үгсийн сантай байх ямар чухал нөлөө үзүүлдэгийг харуулдаг. Шинэ үг цээжлэх хамгийн сайн арга бол сурсан үгээрээ өөрт тогтоогдох өгүүлбэр зохиох юм. Өөрөө зохиосон болохоор бодол санаанаас чинь амархан алга болохгүй мөн байнга бичиж амандаа давтаад байх ч шаардлагагүй. Энэ нь хүн бүрт үйлчлэхгүй байж магадгүй ч заавал туршаад үзээрэй!
Бид бүгд л алдаа гаргахаас айж зайлс хийдэг гэвч зарим зүйлийг заавал алдаж байж л ойлгож суралцаж чаддаг. Англи хэлээр ярьж сурах нь тэр зүйлүүдийн нэг юм. Aлдаа гаргасан ч хамаагүй бантах хэрэггүй! Харилцан яригчдаа "би ярих чадвараа сайжруулах гэж хичээж байгаа юмаа алдаа гаргавал засаж тусалж өгөөрэй" гээд эелдэг асуухад нөгөө хүнд чинь ч эвгүй санагдахгүй харин ч эерэгээр хүлээж авах байх. Зүгээр л зориглоод бага багаар яриад давтаад байхад буруу зөвөө ялгаж эхэлдэг. Буруу зөвөө ялгаад эхэлхээр өөртөө илүү итгэлтэй ярьж эхлэнэ. Өөртөө итгэлтэй болоод ирэхээр энэ чадварыг бүрэн эзэмшиж чадна гэсэн үг. Маргаашнаас эxлээд англи хэлний багш эсвэл ярихаас эмээдэг байсан гадаад найз дээрээ зориглож очоод яриа эхлүүлээд үзээрэй!
Сонсох чадвар
Зарим хүмүүс ярихдаа сайн биш хэрнээ ямар ч ярианы ерөнхий утгыг ойлгох чадвартай байдаг. Тэдний хувьд төрөлхийн сонсох чадвар сайн бөгөөд бусад чадвараа нээж хөгжүүлснээр гадаад хэлийг амархан сурах боломж бүрддэг. Хүн бүрийн англи хэлийг сонсох хурд өөр байдаг. Зарим нь үг бүрийг тодорхой ялган сонсож ойлгодог атал зарим нь сонсож ойлгохын завдалгүй өгүүлбэр дуусч байх жишээтэй. Хэрвээ ганц сонсоод юу ч ойлгож чадахгүй байгаа бол өөрт тохирсон хурдаар сонсох чадвараа дасгаж, энгийнээс хүндэрсэн түвшин рүү шилжин хичээллэх хэрэгтэй. Сонсголын дасгал зөвхөн сурах бичгээр хязгаарлагдах ёсгүй. Цар хүрээгээ өргөжүүлж англи хэлний сонсголын чадвараа хөгжүүлэх олон хөгжилтэй бөгөөд үр дүнтэй аргууд байдаг.
1. Кино үзэх
2. Дууны үг орчуулах
3. Youtube-ээр бичлэг үзэх
Гэхдээ энэ гурвыг хийгээд л шууд сайжрана гэсэн үг биш кино үзэж, дуу сонсож, инээдтэй бичлэг үзэж инээхдээ биш яг зорилготойгоор түүнийхээ дагуу материал болгон ашиглаж өөр өнцгөөс харж хийвэл бага багаар юу ч сонсоод ойлгодог болох болно. Би хувьдаа үзэж байгаа киноноосоо шинэ мэдэхгүй үгс эшлэл сураад тэрийгээ жинхэнэ амьдрал дээр хэрэгжүүлж дадал болгох дуртай.
Жишээлбэл "The pursuit of happyness" кинон дээр гардаг Will Smith-ийн хүүдээ урам зориг өгч хэлдэг нэг хэсэг байдаг. Тэрэнтэй адил үгийг би найзууддаа зөвөлгөө өгөхдөө эсвэл гадаад хүмүүстэй ярилцахдаа хэлж тогтоож өөрийн оюун санаандаа хадгалж үлдээсэн тэгэх юм бол хэзээч марталгүйгээр зөв сонсож сурч байнаа гэсэн үг. Энэ нь мөн ярианы чадварыг ч давхар хөгжүүлдэг.
Дуртай дуучныхаа дууг зүгээр л сонсоод өнгөрөөх биш, үг бүрийг нь орчуулж сонсоод үз . Анх сонссоноос маш өргөн утга мэдрэгдэж, шал "өөр" чихээр сонсох болно.
Youtube-ээр бичлэг үзэхдээч үзэж байгаа зүйлээ бүрэн төгс ойлгохын тулд нэг биш бүр нилээн хэдэн удаа давтаж сонсоод үз ганц сонсоод л ойлгохгүй байна гээд амархан битгий бууж өгөөрэй аливаа зүйлийг сурах хамгийн төгс арга барил бол давтамж гэж нэг сайхан үг байдаг.
Миний дуртай Youtube сувгууд:
Унших чадвар
Англиар уншиж сурахын тулд эзэмшвэл зохих нэг аргыг хуваалцъя. Энэ аргыг Америк болон өөр олон улсын их дээд сургуулиуд оюутнууддаа зөвлөдөг юм билээ. Тэр нь 5W's буюу (what/юу when/хэзээ where/хаана who/хэн why/яагаад) гэдэг энгийн хэрнээ хэрэгжүүлэхэд тийм ч хялбар биш арга юм. Уншиж эхлэхдээ л энэ асуултуудыг өөртөө тавьж эхлэх бөгөөд унших явцдаа асуултынхаа хариултыг олохыг зориорой. Жишээ нь дэлхийн дулаарлын талаар ном эсвэл нийтлэл унших ёстой байлаа гэж бодоё, тэгвэл унших ёстой зүйлийнхээ агуулгыг бүрэн төгс ойлгохын тулд эхлээд ойлгомоор байгаа зүйлээ өөртөө асуулт болгож тавих ёстой гэсэн үг.
Асуултаа иймэрхүү байдлаар зохиож болно:
- What is a global warming?(Дэлхийн дулаарал гэж юу вэ?)
- Why does global warming occur? (Яагаад дэлхийн дулаарал болдог вэ?)
- Where is it happening? (Хаана болж байгаа вэ?)
- Who is responsible for the cause and solution?
(Хэн хариуцлага хүлээж хэн шийдвэрлэж чадах вэ?)
- When did this problem start? (Хэзээнээс эхэлсэн асуудал вэ?)
Гэхчлэн асуултандаа хариулт олох зорилго тавьж уншаарай. Яг тодорхой хариулт олдохгүй байж магадгүй ч та хариулт нэхснээрээ өөрийгөө хөгжүүлсэн, үгийн баялгаа нэмсэн, мэдлэгээ тэлсэн байх болно гэдгийг амлая.
Миний хувьд унших явцдаа шинэ үг олж харвал шууд толь бичгээс хараад утгачлан тогтоодог. Уншиж байгаа зүйлтэй минь утга төгс нийцэж байгаа болохоор амархан цээжлэгдэх бөгөөд мартахгүйн тулд тогтооход амархан өгүүлбэр зохион ой тойндоо шингээдэг.
Бичих чадвар
Намайг их сургуульд байх үед манай нэг профессор их сонирхолтой зүйл хэлж байсан юм. Тэр нь "Чи яаж бичнэ тэр нь чамайг ямар хүн болохыг харуулдаг" гэж байв. Чи эмх цэгцтэй цэвэрхэн ойлгоход амар, зөв алдаагүй бичдэг бол энэ нь чиний ямар хүн бэ гэдэгтэй холбоотой байдаг. Хэрвээ чи замбараагүй, цэгцгүй, хайнга бохир бичдэг бол энэ нь ч мөн адил чиний талаар нэг юм хэлээд байнаа гэсэн үг гэж хэлж байсан юм. Тэр үгс нь миний зүрхрүү ёстой ёонк хийтэл орсондоо. Нээрэн л үнэн үг байгаа биз? Хүн ямар сэтгэл гаргаж яаж бичих нь тэр хүний өөрийн хандлага, зан чанараас шууд хамааралтай. Тийм учраас англи хэл дээр ямар нэгэн репорт, эссэ, захиа эсвэл нийтлэл бичих үедээ маш эмх цэгцтэй, зохион байгуулалттай, утга санаагаа зөв илэрхийлж бичих нь чухал.
Оюутны 3 дугаар курст байхдаа Япон оюутнуудад англи хэл заадаг Австрали багшийн туслахаар ажилдаг байлаа. Тэрбээр олон жил багшилсан туршлагатай мундаг хүн байв. Багшийн хэлснээр бол алдаагүй зөв бичихээс илүү бүтэц агуулга нь хэр эмх цэгцтэй ойлгоход амар байна гэдэг нь сайн дүн авахад илүү нөлөөлдөг гэж байв. Тэгэхээр академик эссэ бичихдээ "Structure" буюу бүтэц хамгийн чухал байдаг байх нь. (Introduction, Body Paragraph, Conclusion) энэ 3н нэр томъёог та бүхэн урьд нь сонсож харж байсан байх гэхдээ яг сайн ойлгож хэрэгжүүлж чадвал илүү амар сайн чанартай бичиж сурахад тань хэрэг болно.
"Introduction" буюу эхлэл хэсэг юуны талаар бичих гэж байгаагаа 2с 3н өгүүлбэрт тайлбарлаж бичээд "Body paragraph" буюу гол өгөгдөлөө 2 эсвэл 3с дээш хэсэгт хувааж бичээд хамгийн сүүлд нь "Conclusion" буюу дүгнэлт болгож ийм юм бичлээ гэж нэгтгэх нь зөв англи хэлний бичгийн бүтэц болох юм. Хичнээн гоё цэцэн үгс ашиглаж бичээд ямарч ойлгомжгүй уялдаа холбоогүй юм биччихсэн байвал онц дүн минь тэгээд л баяртай шүү дээ. Tэгэхээр бүтэц, дэс дараалал эмх цэгц дээрээ илүү сайн анхаараарай мөн зөв алдаагүй бичих нь ч мэдээж чухал. Өөр олон жишээ авч тайлбарлах зүйлс байгаач гэсэн одоохондоо иймэрхүү маягтай байдаг гэдгийг ойлгоод авах нь хангалттай байх. Хэлэхэд амар ч хийхэд хэцүү дүрэм болохоор яг бүрэн чаддаг болтлоо давтаад л байгаарай!
Одоо цагт англи хэл сурах нь алхаж сурахтай адил хүн бүрийн мэддэг байх ёстой, угаасаал бүгд чаддаг байх ёстой гэсэн шиг шаардлага болчихоод байна. Дэлхий тэр чигээрээ хурдтай урагшаа хөдлөөд байхад хэлгүй хүн хөлгүй гэдэг шиг хойно нь хоцорчихгоод байгаа юм шиг дарамт мэт санагдаж магадгүй. Гэхдээ оролдож ч үзээгүй хэрнээ шууд сэтгэлээр унаж хурдан бууж өгч болохгүй! Дургүйд хүчгүй гэдэг шиг дурлаж, хичээж, зориж хийвэл хүн бүр ямарч хэлийг маш сайн эзэмшиж чадна. Бид бүгд ижил тархи, сэтгэл, чадвартай энэ дэлхийд мэндэлсэн. Харин хэн илүү тэрийгээ ашиглаж чадсан нь хурдацтай сайн хөгжиж чаддаг байх. Дотоод сэтгэлийн хүч чадал, итгэл зориг тань хэр байгаагаас бүх зүйл шалтгаалах болно. Гадаад хэл сурах хүсэлд нь бага ч болтугай нэмэр болоосой гэж хүсэн энэ нийтлэлийг бичлээ. Бодол сэтгэгдэлээ үлдээж өшөө чанартай нийтлэл бичихэд минь дэм өгөхийг хүсье.
Та бүхэнд баярлалаа бас амжилт!
- T. Энхнаран
Comments
Post a Comment