Миний мэдэх хамгийн "КҮҮЛ" хүмүүс :)
Өөрийнхөөрөө байх шиг аз жаргалтай чөлөөтэй амар мэдрэмж энэ хорвоод бас л ховор байх шүү. Хүн бүрт өөрсдийн гэсэн онцлог зан ааш, чанар гэж байдаг ч яг ямар хүний ямар зан характер танд сайхан сэтгэгдэл төрүүлдэг вэ? Зарим нь шулуун шудрага хүмүүст дуртай байдаг бол заримд нь тийм хүмүүс арай дэндүү ширүүн санагдах үе байдаг. Гэвч тийм хүн сайн, тийм хүн муухай гэж хэлэх дүгнэх эрх яг үнэндээ бидэнд байхгүй. Бид бүгд өөрсдийгөө хичээгээд явж байх үүрэгтэй тийм л хүмүүс. Гэхдээ хэн нэгэн танд яалт ч үгүй сайхан сэтгэгдэл төрүүлээд байх үед бүх хүн ийм байсан бол ямар гоё вэ гэж бодогдох үе гарч байгаагүй гэж үү? Энэ удаагийн тэмдэглэл дээрээ би бусдад үлгэр жишээ болж чаддаг хүмүүсийн онцлог сайхан чанаруудыг өөр хэн нэгэнд өөрсдийн дутагдалтай зан чанараа өөрчлөх урам болоосой нэгийг бодогдуулаасай гэж зорин бичихээр шийдэв. Ийм зан чанарууд агуулдаггүй хүмүүс нь КҮҮЛ БИШ гэж огтхон ч хэлээгүй юм шүү. Та хэн нэгний хувьд яг л байгаагаараа хэзээд хамгийн күүл нь байх болно тийм учраас санаа зоволтгүй. Та өөрийгөө хамгийн сайн мэдэх ганц хүн учраас юун дээр дутмаг байдаг юугаа хөгжүүлэх ёстойгоо та өөрөө л дүгнэж чадна.
Уулзаж учирч, найзалж нөхөрлөж, зөвөлгөө туслалцаа авч байсан бүх хүмүүсээ бодоод үзэхээр тэднээс суралцах зүйл нилээн их байжээ. Бүгдэнд нь нийтлэг байдаг сайхан чанаруудыг дүгнэж бичнэ гэдэг яг диплом бичих мэт бодож анализ хийх зүйл олон байдаг юм байна. Миний дүгнэж ойлгосноор дараах 5н чанаруудыг агуулдаг хүмүүс үнэхээрийн үнэхээр маргаангүй КҮҮЛ юмаа.
1. Өөрийгөө хоёрт тавьж чаддаг бусдыг гэсэн сэтгэлтэй хүмүүс
Ахлах ангийн багш минь бидэнд нэг өдөр сургааль айлдаж байхдаа нэг зүрхэнд орох үг хэлж байсан юм. Тэр нь: "Бүх үед үргэлж өөрийгөө л боддог хүмүүс хамгийн арчаагүй бөгөөд түүхий дутуу зүрх сэтгэлтэй хүмүүс байдаг. Би амиа хичээсэн би л болж байвал бусад нь яахав гэдэг хүмүүст яс махнаасаа дургүй" гэж байв. Яагаад ч юм хувиа хичээсэн хүнийг тэгж дүрсэлж байх үгсийг нь сонсоод "Ээ бурхан минь би л ингэж хэлүүлэх хүн болчихгүй юмсан, амиа хичээхгүй бусдыг гэсэн сэтгэлтэй хүн чанартай амьдрах гэж хичээх юмсан" гэж ойлгож байсан юм. Тэр үеэс хойш бусдыг өөрийнхөө өмнө тавьж чаддаг ямарч хүнийг хараад шууд л тэдэнд маш ихээр хүний хувиар дурлаж, хүндлэх сэтгэл төрдөг болчихсон. Өөрөө хичнээн ядарч байгаа ч жирэмсэн эмэгтэйд автобусны суудлаа тавьж өгдөг тэр залуу, өөрөө хичнээн өлсөж байгаа ч за яахав чи ид ид гээд үлдсэн ганц ширхэг пиззагаа дүүдээ өгдөг тэр ах, өөрөө хичнээн даарч байгаа ч дулаахан хүрмээ найз охиндоо эргэлзээнгүй өгч чаддаг тэр эр хүн, өөрөө хичнээн зугаацаж цэнгэмээр байгаа ч өвөө эмээдээ хань болоод асраад үлддэг тэр ач зээ охидууд гээд том ч бай жижиг ч бай хэмжээгээр өөрийгөө 2т тавьж чаддаг тийм хүмүүс хамгийн КҮҮЛ <3
2. Ямар ч тохиолдолд хэлсэндээ хүрэх гэж хичээдэг хүмүүс
Одоо цагт эвтэйхэн "мурих" арга барил Монголчууд бидний сайн хийж чаддаг чадвар болчихоод байгаа юм шиг. Мэдээж дургүй зүйлээ өөрийнхөө ч нөгөө хүнийхээ ч цагийг үрэхгүйн тулд шулуухан "чадахгүй ээ уучлаарай" гээд хэлэх зөв ч хүнд үгүй гэж хэлэх яагаад ч юм сэтгэлд сэвтэй хэцүү байдаг. Оронд нь "за болгох гээд үзье ойлголоо" гэх мэтчилэн хийсвэр амлалт өгж "өөдгүй амьтан" гэх нэрнээс бултаж чаддаг ч гэсэн амласан амлалтандаа бат хүрж чаддаг хүмүүс цөөхөн. Мэдээж тэр дор нь үгүй гэж хэлж чадахгүй байнаа гэдэг сайхан сэтгэлтэй байгаагийн шинж чанар ч гэлээ, амлалт гэдэг амлалт л байх ёстой яаж ийж байгаад биелүүлэх ёстой гэсэн өөртөө хатуу шаардлага тавьж тэрэндээ хүрэх гэж чин сэтгэлээсээ хичээдэг хүмүүсийг хараад өөрийн эрхгүй ямар күүл юм бэ гэж бодогдсон үе байнаа байна. Хичнээн залхуу хүрч байгаа ч ядаргаатай албагүй юм шиг санагдаж байгаа ч өөрөө тэр хүний оронд байсан бол амлалтандаа хүрээсэй гэж хүсэх байсан учраас ямар ч тохиолдолд хэлсэндээ хүрэх гэж хичээдэг хүмүүс мундаг шүү.
3. Бүх хүн өөрт нь дуртай байхгүй бас бүх хүн өөрт нь таалагдах албагүйг хүлээн зөвшөөрч чаддаг хүмүүс
Хичнээн сайхан юм үзэж, нүд тайлж, олон сайхан хүнтэй учирч уулзсан ч хүн төрөлхтөн бид чинь байгалаасаа үргэлж бүхнийг шүүж шүүмжилж байдаг амьтад юм гэнэ. Эсрэгээрээ хүн бүрт зохицож таалагдах гэж өөрийн бус, бусдын хүслээр амьдардаг тийм хүмүүс ч байдаг. Харин гуравдагч онцгой төрлийн хүмүүс бол тэр бүгдийг аль хэдийнээ урьдчилаад тооцоолчихсон, юу ч хийсэн бай тэрийг нь шүүмжлэх хүн үргэлж байх болно, хамгийн сайнаараа хичээсэн ч чамаас дээр хүн байх болно, чи дэлхийн хамгийн амттай алим байсан ч алиманд дургүй хүн байх л болно, тэр хүн чамд тийм их таалагддаггүй ч өөр нэгний хувьд хамгийн чухал нэгэн нь байдаг гээд бүx зүйлийг ойлгочихсон, хүлээн зөвшөөрчихсөн, маргаад ч барахгүйгээ мэдэрчихсэн тийм хүмүүс КҮҮЛЭЭ КҮҮЛ!
4. Ямагт хэний ч дэргэд хаана ч яг нэг зангаараа байж чаддаг хүмүүс
Тэд сайд даргатай уулзсан ч, аав ээжтэйгээ байхдаа ч , анд нөхдийнхөө хажууд ч яг байгаагаараа хиймэл дүр эсгэхгүй хэрнээ эелдэг байж чаддаг, дургүй хүрсэн бол тэрийгээ зөвөөр илэрхийлж чаддаг, хэний ч өмнө ямарч газар өөрийнхөөрөө байж чөлөөтэй амьдардаг. Өөрийн байгаа газартаа дасан зохицож, өөрийнхөө авууштай болон дутагдалуудаа хүлээн зөвшөөрч чаддаг тийм хүмүүс дэндүү КҮҮЛ. Мэдээж тодорхой хэмжээнд бидэнд "хуурамч нүүр" гаргах хэрэг гарна тэр үгүйсгээд ч хэрэггүй батлагдсан нийгмийн шаардлага. Харин үргэлж худал дүр эсгэж, ямар хүн гэдэг нь мэдэгдэхгүй, уулзах бүрт өөр зан ааш гаргаж байдаг хүмүүст итгэж нөхөрлөх хэцүү. Тийм байх ёсгүй гэж хэн ч хэлэх эрхгүй хүн яаж амьдармаар байна тэр хүний л дур гол нь өөрийн тань байгаа байдал өрөөл бусдад садаа болж байна уу үгүй юу гэдэг л хамгийн чухал асуудал болох бизээ. Тийм учраас ямагт байгаагаар тань хүлээн авч нөхөрлөх, ойлгох тийм хүрээллийг олж, өөрөө ч бодол сэтгэлийн дарамтгүй чөлөөтэй амьдарч бусдын итгэлийг дааж бусдад итгэлээ өгч чаддаг байх юутай сайхан урам бэ.
5. Өөрийн гэсэн ертөнц, зорилго мөрөөдлөө бүтээж чаддаг хүмүүс
Эмч хамгийн чухал ажил болохоор эмч болно, хүн бүр эдийн засагч болж байгаа юм чинь би ч гэсэн болно, Америкад сурвал сайн ажилд орж сайхан амьдрана гэх зэрэг ямарч баталгаагүй нийтийн ярианаас болж ирээдүйгээ шийдсэн хүмүүс цөөнгүй байх, би ч гэсэн тэдний нэг. Мэдээж эдгээрүүд хий хоосон яриа биш, чухал уу? чухал, үнэний ор байгаа юу? байгаа. Гэвч олонхийн яриа бус өөрийн гэсэн зорилго бүтээж, ямарваа нэгэн зүйлийн анхдагч байхаас айхгүйгээр, бусдаас өөр замаар явахаас татгалздаггүй, эрсдэлтэй гэдгийг мэдэж байгаа ч зориглоод азаа үздэг тийм хүмүүс яахын аргагүй хүндэлмээр. Магадгүй тэдний амжилт, алдаа бидэнд том сургааль болж мэдэх ч тэд өөрсдийн гэсэн төсөөллийн ертөнц, мөрөөдөл тэмүүлэлтэй амьдарч, түүнийхээ төлөө хичээж, бусдын болон өөрийнхөө төлөө зоригтой шийдвэр гаргаж чадаж байна гэдэг янзын КҮҮЛ биздээ!
Тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх үнэхээр сайхан ч та өөрөө яагаад тэдний нэг нь байж болохгүй гэж? Мэдээж би л күүл гэж тодотгож байгаа болохоос биш санал нийлэхгүй хүмүүс зөндөө байгаа гэдэг нь тодорхой тэглээ гээд би энэ бодлоо өөрчлөхгүй учир нь күүл хүн тэгэхгүй л байх байсан хэхэ. Харин та бас санал нийлж байгаа бол аль болох эдгээр чанаруудыг агуулсан хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж өөрөө ч күүл нэгэн байхыг хичээвэл өөрт тань болон өрөөл бусдад тустай үнэ цэнэтэй амьдрал болох болноо гэдэгт итгэлтэй байна. Дор бүрнээ хүний сайнаас суралцаж аль болох энгийн хэрнээ эерэг сайхан бүхнийг хүсэж түгээж амьдарцгаая! Сонирхож уншсан та бүхэнд баярлалаа бас дараагийн нийтлэл хүртэл түр баяртай.
Comments
Post a Comment