Бяцхан охинд загнуулсан хайхрамжгүй ертөнцийн хүмүүс бид юу хийх ёстой вэ?



Та бүхэн өнгөрөгч 9н сарын 23нд болсон НҮБ-ийн дээд хэмжээний их хурал дээр дэлхийн дулаарал болон цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөө, уй гашууг уур хилэн өршөөлгүй их гомдолтойгоор дэлхийн удирдагч нарыг загнаж илтгэл тавьсан тэр охиныг санаж байна уу? Тэр яг хэн гээч охин бөгөөд бид энэ илтгэлээс юуг ойлгож хэрэгжүүлж авах ёстой гэдгийг энэ удаагийн тэмдэглэлээрээ танилцуулъя гэж бодлоо.

Грета Тунберг нь 2003 онд Швед улсад төрсөн 16 настай байгал орчин хамгаалалтын төлөө дуу хоолойгоороо бусдыг байлдан дагуулж яваа жирийн нэгэн тэмцэгч охин. Тэрээр хамгийн анх 8 настай байхдаа дэлхийн дулаарал цаг агаарын өөрчлөлтийн асуудлын талаар сонсож байсан бөгөөд яагаад томчууд болон бусад ард иргэд ямарч ач холбогдол өгөхгүй зүгээр хараад суугаад байгааг ойлгохгүй их гайхаж гутардаг байсан гэнэ. Түүнчлэн 15 настайдаа байгал орчин цаг агаарын өөрчлөлтийн төлөө тэмцэх ажлаа нэгт тавьж сургуулиа орхисон юм. Аав ээж нь ч асар том зорилго мөрөөдөл тээж яваа охиныгоо дэмжиж "Тэр гэртээ юу ч хийхгүй сургуульдаа яваад л ямар ч аз жаргалгүй амьдарч болно эсвэл дэлхийг харж үзэж нүдээ нээж хүмүүнийг уриалж тэмцэгч байнгаа аз жаргалтайгаар амьдарч болно" гэжээ. Тэрээр хамгийн эхлээд өөрийн ойр дотны хүмүүсийг уриалж хамтдаа өөрчлөлт гаргах арга хэмжээ авч эхэлсэн гэдэг. Жишээлбэл, тэдний гэр бүл онгоцоор зорчих болон махан бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалздаг ба түүний ээж олон улсын дуурийн дуучин байсан бөгөөд охиноо дэмжих хүслээр ажлаасаа гарсан аж. "Эцэг эх нь л хүүхдээ дэмжихгүй бол өөр хэн ч тэднийг минь сонсохгүй шүү дээ" гэж хэлсэн нь одоо харахаар тэдний хамгийн зөв шийдвэр байсан юм шиг.


Тэрээр НҮБ-н дээд хэмжээний их уулзалт дээр өөрийн илтгэлээ тэнд цугласан дэлхийн 60 гаруй орны удирдагчдыг хангалттай их арга хэмжээ авахгүй байна хэмээн нулимс цийлгэнүүлэн загнаж эхлүүлэв. "Би энд байх ёсгүй хүн, би яг одоо сургуульдаа юу ч бодохгүй амар тайван явж байх ёстой хүн. Та нар миний мөрөөдөл болон хүүхэд насыг өөрсдийн худал үгээр хулгайлж хаячхаад яаж энд дэлхий хэзээ ч сүйрэхгүй мэт зүгээр сууж чадаж байнаа. Хүмүүс үхэж байна. Бүхэл бүтэн экосистем бидний нүдний өмнө нь сүйрч байна. Бид асар их мөхлийн эхлэлд байна, тийм байхад та нар зөвхөн  мөнгө болон мөнхийн эдийн засгийн өсөлтийн талаар үлгэрүүд л яриад сууж байна. Хүлэмжийн хийг 10 жилийн дотор багасгах гэсэн түгээмэл санаа нь бидэнд дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмээс хэтрүүлэхгүй барихад зөвхөн 50% боломжийг л олгодог.  50 % гэдэг нь та нарт боломжийн санагдаж магадгүй гэхдээ үүний муу үр дагавартай нь цуг амьдрах таны үр хүүхдүүд бидний хувьд хүлээн зөвшөөрч чадахгүй том аюул юм. Яг одоо л тэмцэхгүй бол дараа нь хичээсэн ч хэтэрхий оройтохгоод байна" гэж хоолой зангируулан хэлсэн үгс нь хүн бүрийн зүрхэнд хутга мэт орсон байх.

Нээрэн л бодоод байхад 16хан настай хэрнээ бидний эргэн тойрон дахь зөвхөн дарга сайд гэлтгүй жирийн томчуудаас ч илүү их хичээл зүтгэл, эх дэлхийгээ гэсэн хайр халамж зүрх сэтгэлийг тээж байгаа нь үнэхээр гайхалтай урам болон нүд нээсэн явдал байлаа. Энэ бол зөвхөн Америк, Хятад , Европын асуудал биш энэ бол эх дэлхийд оршин сууж буй хүн бүрийн анхаарч ойлгох ёстой том асуудал. Гэвч бид хэн нэгэн арга хэмжээ авч асуудлыг шийдхийг хүлээсээр.

Дэлхийн дулаарал цаг агаарын өөрчлөлт гэдэг нь хүлэмжийн хийн нөлөөнөөс үүсдэг ба энэ нь агаар мандал дахь озоны давхаргыг гэмтээдгээс үүдэлтэй юмХамгийн чухал асуудал нь хүний өдөр тутмын үйл ажиллагаанаас болж хүлэмжийн нөлөө ихэсдэг бөгөөд дэлхийн температур улам бүр нэмэгдэхэд хүргэж байна. Би ч мөн адил дэлхийн хамгийн их байгалийн гамшиг цаг уурын өөрчлөлттэй орны нэг болох Японд амьдарч байгаагаар хэцүү үр дагаврыг биеэрээ мэдэрч байгаагийн хувьд энэхүү сэдвийн талаар илүү сайн ойлголт аваасай гэж хүсэн бичиж байгаа билээ.


Тэхээр бид дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн эсрэг тус хувь бүртээ ямар арга хэмжээ авч болох вэ? 

Хамгийн сайн үр дүнд хүргэх арга нь газрын тос, нүүрстөрөгч, байгалийн хий гэх мэт ашигт малтмалын түлшний хэрэглээг хязгаарлаж, тэдгээрийг сэргээгдэх, цэвэр эрчим хүчний эх үүсвэрээр солих нь энергийн үр ашгийг дээшлүүлдэг гэсэн судалгаа гарсан билээ.

Ялангуяа Монгол шиг агаарын бохирдол замын түгжрэл эрс нэмэгдэж байгаа оронд автомашины хэрэглээг бууруулж аль болох алхах, дугуй унаx эсвэл олон нийтийн тээврээр ажил хичээлдээ явахыг уриалмаар байгаа ч хэрэгжүүлэхийг хүсэх хүн хэр их байх бол?

Хүн бүр тус бүрнээ цахилгаан огт ашиглахгүй байх үедээ бүх тог гэрлээ салгаж энергиэ хэмнэх үйлдэл нь ч дэлхийн дулаарлын асуудалд жаахан ч гэсэн хувь нэмэр оруулдаг гэдгийг чамлах хэрэггүй ойлгох нь зөв. Мөн хуванцар сав болон гялгар уутны хэрэглээг аль болох багасгаж усны сав  болон эко цүнх хэрэглэж эхлэх нь маш зөв амьдралын хэв маяг болоод байгаа юм.

Гэвч энэ бүгдийг өөрт ойлгомжтой тодорхой боловсрол мэдээлэлгүйгээр хэрэгжүүлж сэтгэл дотроо хүлээж авах хэцүү учраас одооноос эх дэлхийгээ хайрлах аянд нэгдэж хэрэгтэй мэдээллээ олж авахыг зориорой гэж уриалмаар байна.

Та дэлхийн дулаарал болон цаг уурын өөрчлөлтийн талаар интернет, ном сэтгүүл гээд хаанаас ч олж уншиж ойлгож болно. Хамгийн гол нь энэ таны ч дэлхий, өөр хэн нэгний аврах ёстой, өөр хэн нэгэн л хувь нэмэр оруулах ёстой гэсэн ямар ч найдлагагүй хүлээлтээ бид зогсоох хэрэгтэй болоод байна. Яг л энэ эрэлхэг зоригтой 16 настай охин шиг бид ч гэсэн үйл хөдлөлөөрөө тэмцэж, хүн бүр дор дорноо аль болох хэмнэлттэй, хэрэглээгээ хасаж, хянаж, эргэн тойрон орчноо хайрлаж цэвэрхэн эмх цэгцтэй амьдарвал нэг л мэдэхэд өөрчлөлт бидний нүдэнд харагдах болно гэдэгт итгэлтэй байна.


Хүндэтгэсэн Т.Энхнаран






Comments

Popular posts from this blog

Академик Англи хэлээ хэрхэн сайжруулах вэ?

Миний мэдэх хамгийн "КҮҮЛ" хүмүүс :)